Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн Үндэсний хорооны ээлжит хурлаар 2 асуудлыг хэлэлцлээ.

Үүнд:

Улсын хэмжээнд эрүүл мэнд, боловсролын салбарын  байгууллагуудад хийсэн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн  үзлэгийн дүнгийн тухай, Бичил уурхай эрхлэгчдийн ХАБЭА-н нэгдсэн дүнгийн тухай мэдээллийг хэлэлцэв.

Энэхүү үзлэгийн зорилго нь эрүүл мэнд, боловсролын салбарын байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль, тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаатай газар дээр нь танилцах, судалгаа хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах, зөвлөн туслах үйл ажиллагааг зохион байгуулах, хэрэгжилтийн байдалд үнэлэлт өгөхөд чиглэгдлээ. 2013 оны үйлдвэрлэлийн ослын мэдээнээс дүгнэлт хийхэд, эрүүл мэнд, боловсролын салбарт гарсан үйлдвэрлэлийн осол нийт ослын 8-12 хувийг эзэлж байгаа бөгөөд боловсролын салбарт гарсан үйлдвэрлэлийн осол өмнөх оноосоо 17-оор буюу 11,6 хувиар өссөн. Үүнтэй холбогдуулан, эрүүл мэнд, боловсролын салбарт ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийн үзлэгийг улсын хэмжээнд орон нутгийн холбогдох байгууллагын оролцоотой зохион байгуулахаар Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 2014 оны хамтран ажиллах төлөвлөгөөнд тусгасны дагуу үзлэгийг зохион байгуулсан байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг 21 аймаг, 9 дүүргийн эрүүл мэнд, боловсролын салбарын нийт аж ахуйн нэгж, байгууллагын 30-40 хувийг хамруулан тус үзлэгийг хийсэн. Үзлэгт улсын хэмжээнд эрүүл мэндийн 247, ерөнхий боловсролын 281, сургуулийн өмнөх боловсролын 100, хувийн 12 аж ахуйн нэгж буюу нийт 640 байгууллага  хамрагдсан. Үзлэгийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлага, зохион байгуулалт, Тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, Ажлын байрны эрүүл ахуй гэсэн 3 чиглэлээр хийж, дүн мэдээ, тайланг нэгтгэн гаргасан байна. ХАБЭА-н үндэсний хорооны хурлаар хэлэлцсэн үзлэгийн дүн мэдээг ажлын шугамаар Эрүүл мэндийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, сангийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ-нд хүргүүлсэн байна.

Бичил уурхайчдын ХАБЭА-н талаарх мэдээг хагас, бүтэн жилээр авч байх мэдээний маягтыг ХАБЭА-н Үндэсний хорооны хурлын 2014оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хурлын 03 дугаар тогтоолоор батлуулсны дагуу мэдээг  20 үзүүлэлтээр улсын хэмжээнд аймаг, зарим дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс авч нэгтгэн, дүнг ХАБЭА-н Үндэсний хорооны хуралд танилцуулав. Мэдээллийг нэгтгэж үзвэл, 2014 оны 7-р сарын 1-ний байдлаар 10 аймгийн 22 сум, 2 дүүрэгт 3370 иргэн алт, жонш, нүүрс, шаврыг гар аргаар олборлож байгаагаас 684 нь эмэгтэй байна. Зохион байгуулалтанд орсон 253 нөхөрлөлд 2126 хүн ажиллаж байгаа бөгөөд бүртгэлгүй бичил уурхайчид 1578 байна. Бичил уурхай эрхлэгчдийн дийлэнхи нь  Сэлэнгэ аймагт 748, Дундговьд 641, Баянхонгорт 444, Булганд 407, дархан-Уулд 360, Ховдод 329 байна. Өвөрхангай, Төв аймагт гар аргаар бичил уурхай эрхэлж буй иргэд багагүй байгаа атал мэдээ өгөөгүй байна. Нийт 3370 бичил уурхайчны 565 нь буюу 16,7 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт орж, 1411 буюу 41,8 хувь нь эрүүл мэндийн болон нийгмийн даатгалд хамрагдсан. Дундговь, Сэлэнгэ, Баянхонгор аймаг бичил уурхайчдынхаа 60-80 хувийг даатгалд хамруулсан нь даатгалд хамрагдсан хувь улсын хэмжээнд 41,8 хувь болоход ихээр нөлөөлсөн байна. Налайхын нүүрсний уурхайд үйлдвэрлэлийн осол гарч 1 хүн нас барсан байна.

Цаашид энэ мэдээг гаргаж ирүүлдэг Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтнүүдийг чадвахжуулах, мэдээ авч буй зарим үзүүлэлтүүдийг боловсронгуй тодорхой болгох  шаардлагатай гэж үзсэн байна.

Эх сурвалж: http://www.mol.gov.mn/nodes/view/type:news/slug:

Leave a Reply

Your email address will not be published.