“Ажил эхэллээ, аюулгүй ажиллацгаая”

Иргэд, ажилтан, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад хүргүүлэх ил захидал

Шинэчлэлийн Засгийн газар “Ажилтай, орлоготой Монгол хүн хөтөлбөр”-ийн хүрээнд“Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны удирдлагын менежментийн тухай OHSAS 18001”, “Бизнесийн нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг нэвтрүүлэх удирдамж ISO 26000” зэрэг стандартуудыг үндэсний стандарт болгон мөрдүүлж байгаагийн зэрэгцээ эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгоход чиглэсэн бодлого, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж ирлээ.

2012 оноос 2013 онд үйлдвэрлэлийн ослоор нас барсан иргэдийн тоо 40 орчим хувиар багассан хэдий ч уул уурхай, зам, барилгын салбарт үйлдвэрлэлийн осол, гэмтлийн тоо буурахгүй байна. Энэ нь аюулгүй ажиллагааны асуудлыг анхааралгүй орхигдуулдаг, ажилтнаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны иж бүрэн сургалтад хамруулж,аюулгүй ажиллах дадал заншилд сургадаггүй, үндэсний стандарт болон хууль дүрмийн хэрэгжилт аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хангалтгүй байгаатай холбоотой гэж үзэж байна.

Улсын хэмжээнд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян”-ыг өрнүүлж байгаатай уялдуулан уул уурхай, барилга, авто зам, мал аж ахуй, газар тариалан болон бусад салбарт их бүтээн байгуулалтыг хийж буй нийт ажилтан, ажил олгогч Та бүхэнд хандан “Нэн түрүүнд ажлын байранд аюулгүй ажиллагаа”-г ханган ажиллахыг УРИАЛАН энэхүү ил захидлыг илгээж байна. Үүнд:

1.Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хууль, тогтоомж, үндэсний стандартын хэрэгжилтийг аж ахуйн байгууллага, түүний нэгж, цех, тасаг, бригадын удирдлага, ажилтан хүртэл бүх шатанд мөрдөж ажиллах

2.Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны онцлогтоо тохирсон хамгаалалтын төхөөрөмж хэрэгсэл, нэн ялангуяа барилгын гадна орчны хамгаалалтыг олон улсын жишигт нийцсэн зориулалтын материалаар хийж, барилгын талбайгаас гадагш юм унах, техник осолдох зэрэг хариуцлагагүй байдлын улмаас иргэдийг хохироодог явдлыг бүрэн таслан зогсоохтой холбогдсон арга хэмжээ авч хэрэгжүүлэх

3.Ажилтнуудаа аюулгүй ажиллагааны иж бүрэн сургалт, хөтөлбөрт хамруулан өөрийн болоод хамтран ажиллагчдынхаа эрүүл, аюулгүй нөхцлийг хангаж ажиллахсоёл, дадлыг ажилтан бүрт эзэмшүүлэх

4.Аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн, ХАБЭА-н алба, ажилтныг орон тоо, бүтцээр нь ажиллуулах, мэргэшүүлэх, байгууллагын ХАБЭА-ны зөвлөл, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх байнгын комисс зэрэг бүтцийг зохион байгуулж, ажиллуулах

5.ХАБЭА-ны урьдчилан сэргийлэх зардлыг хуульд заасан хэмжээнд төлөвлөн зарцуулж,шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэлээр ханган, ажилтнуудад зориулалтын дагуу бүрэн хэрэглүүлж заншуулах

6. ХАБЭА-н урьдчилан сэргийлэх арга хэмжээг ажилтан бүрт ойлгомжтой, энгийн, хүртээмжтэй, үнэлж, урамшуулж болох хэлбэрээр зохион байгуулах, ХАБЭА-н шилдэг арга барил, туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх, бусдаас харилцан суралцах

7.Үйлдвэрлэлийн явцад тавих дотоод хяналтын тогтолцоогнэвтрүүлж, техникийн бүрэн бүтэн байдал, хэвийн үйл ажиллагааг хангах замаарослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх

8.Аж ахуйн нэгж байгууллагын удирдлагын бүх түвшинд ХАБЭА-н чиглэлээр хүлээх үүрэг хариуцлагын тогтолцоог тодорхой болгож, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд тусган хэрэгжүүлэх

9. Барилгын салбарын “Цэнхэр карт” хөтөлбөрийн хэрэгжилт удааширалтай байгаад  дүгнэлт хийж, хэрэгжилтийг хангаж ажиллах зэрэг болно.

Энд зориуд тэмдэглэж хэлэхэд, нэг талаас ажил олгогч эзэд, нөгөө талаас ажилтан Та бүхэн хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа өгөх, авах хуулиар хүлээсэн үүрэгтэй.Иймд энэ үйл ажиллагааг ажилд гарах өдөр, ээлж бүрдээ хэвшил болгожчанд мөрдөж ажиллахыг үүрэг болгож байна.

Энэхүү ил захидлаар уриалж буй арга хэмжээг ажил олгогч эзэд Та бүхэн байгууллага, аж ахуйн нэгж дээрээ хэрэгжүүлэхэд санаачлагатай хандаж,ажилтан бүр өөрийн өдөр тутмын үйл ажиллагаанд хэвшүүлж мөрдөхөд онцгой анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Иргэн Тантай үйлдвэрлэлийн барилга байгууламж, талбайд ноцтой осол гарч болзошгүй тохиолдол тааралдах, харагдах бүрийд иргэдийн санал, хүсэлтийг  хүлээн авах “1111” төвд хандаж үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллахыг уриалж байна.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,

Хөдөлмөрийн сайд      Я.Санжмятав

Эх сурвалж: http://www.news.mn

Leave a Reply

Your email address will not be published.