ХАБЭА-н хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг “Иргэний танхим”-аар хэлэлцүүлэв

ХАБЭА-н тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимаар хэлэлцүүлэх ажлыг 2014 оны 4 дүгээр сарын 11-нд Хөдөлмөрийн яам, МҮЭ-ийн холбоо хамтран зохион байгуулж, Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн харилцааны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Алимаа хуулийн төслийн талаар тодорхой мэдээлэл хийлээ.

Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яам, МХЕГ, холбогдох яам, агентлагийн төлөөлөл, МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ, компаний ХАБЭА-н ажилтан, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл, судлаач, ХАБЭА-н сургалтын төвийн захирал 80 гаруй хүн оролцов.

Хуулийн төсөл, мэдээлэлтэй холбогдуулан ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологи дизайны сургуулийн эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, доктор Л.Удвал, “Трансвест Монголиа” ХХК-ийн ХАБЭА-н менежер Б.Ганжигүүр, Налайх дүүргийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Баатаржав, “Вагнер-Ази” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан Ж.Батсайхан, “Тайгам-Алтай” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан П.Эрдэнэзуу, “Багануур” ХХК-ийн ХАБЭА-н инженер Д.Ганцэцэг, УБТЗ татах хэсгийн ҮЭ-ийн хорооны дарга Ц.Бямбаа нарын 20 хүн үг хэлж, санал бодлоо хуваалцлаа.

            Хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос гарсан зарим саналыг авч үзвэл:

– Салбарын яамдын түвшинд ХАБЭА-н хороо байгуулж, ажиллуулан, салбарын түвшний ХАБЭА-н бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх,

зохицуулалт хийхэд дэмжлэг авах,

– ХАБЭА-н тухай хуульд нийцүүлэн салбарын ХАБЭА-н тухай хуультай болох,

– ХАБЭА-н аудит хийх эрхийг төрийн бус байгууллагуудад олгох,

– Барилга, зам, уул уурхайн салбарт захиалагч, гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгч нарын үүрэг хариуцлагыг тодорхой болгох,

 – Аюулгүй ажиллагааг хүн цагаар тооцох,
 – ХАБЭА-н ажлыг гэрээгээр гүйцэтгүүлэх,

– Хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэнд,  ажилтны эрүүл мэнд, ажлын байрны эрүүл ахуй зэрэг нэр томъёо, ойлголтын зааг ялгааг тодруулах,

– ХАБЭА-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуудлыг хуульд тусгах,

– Аж ахуйн нэгж, байгууллагад эрсдлийн үнэлгээ хийх аргачлалтай болох,

– Мэргэшсэн ХАБЭА-н ажилтан бэлтгэх хөтөлбөр, тогтолцоотой болох,

– Үйлдвэрлэлийн осол гаргаагүй байгууллагыг урамшуулдаг болгох зэрэг олон чухал үнэтэй санал гарсан байна.

 

Эх сурвалж: http://www.mol.gov.mn

Leave a Reply

Your email address will not be published.