Цахилгаан станцын орчмоос чингэлэг ачуулж байгаад тогонд цохиулжээ

Цахилгаан станцын орчмоос чингэлэг ачуулж байгаад тогонд цохиулжээ. Залуу хос цахилгаан станцын ойролцоо тогонд цохиулж, өдгөө  гар  хөлийнхөө хурууг тайруулах мэс засалд орсон. Хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал хангадаггүй, хайхрамжгүй байдлаас үүдэж тэд мэс засал хийлгэж, сар шахам эмнэлэгт хэвтэж байгаа аж .
Худалдаж авсан чингэлэг нь өндөр хүчдэлийн шугамын дэргэд байсан учраас кран яг хүчдэлийн доор зогсч таарсан байна. Тухайн үед краны жолооч, ачигч хоёр хоёулхнаа байсан учраас Л.Бямбахүү туслахаар очсон байна. Ингээд Л.Бямбахүү чингэлгийн нэг өнцгөөс түлхэж байснаа л санаж байгаагаа ярьсан. Харин эхнэр нь нөхөртөө туслахаар дөхөж яваад л ухаан алдсан гэнэ. Тэр хоёртой хамт явсан дүү нь ослын тухай “Ах маань ачигчид туслах гээд чингэлгийн нэг талаас өргөж харагдсан. Эгч ахад туслахаар машинаас буугаад дөхөж байтал гэнэт цэнхэр гэрэл биеэр нь гялс хийгээд л шатаж байна уу гэмээр болоод уначихсан. Толгойн дээрээс нь гал гарах шиг харагдсан. Тог хүний биеэр гүйж гарахдаа арьсыг нь яз татаж гардаг юм билээ. Хөл, гарынх нь хуруу харлаад аймшигтай харагдаж байсан. Ингээд түргэн тусламж дуудахад бараг цагийн дараа ирсэн. Эмнэлэгт хүргэхэд эмч нар “Амьд үлдсэн азтай хүмүүс юм” гээд гайхаж байна лээ” гэсэн юм.

Цахилгаан станцын ойролцоох цахилгаанжсан бүсэд гүйдэл дамжуулах, овор ихтэй эд зүйл байршуулахыг хориглодог юм байна. Цахилгаан станцын ойролцоо үйлдвэрлэл явуулах, цахилгаан дамжуулж болох эд зүйл байрлуулахыг хориглосон шийдвэр байдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Бүр өндөр хүчдэлийн шугамнаас 100 метрийн зайд зам тавих, байшин барихыг хориглосон байдгийг ч нийслэлд зөрчсөн харагддаг. Мэргэжлийн хүмүүс “Цахилгаан хүчдэлтэй холбоотой дүрэм журам хүний амь настай холбоотой асар нарийн байдаг. Гэтэл мэргэжлийн байгууллагууд ч дүрэм, журмаа тайлбарладаггүй. Хүмүүс ч тэр бүр мэддэггүй нь харамсалтай”гэсэн юм.
Эх сурвалж: www.dnn.mn

Leave a Reply

Your email address will not be published.