1000 барилгачдын уулзалт зөвлөгөөнөөр барилгын салбарын 4 компанид ХАБЭА-н менежментийн систем нэвтрүүлэх гэрээ байгууллаа

Хамтран ажилладаг хувь хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагууд, харилцагч, үйлчлүүлэгч та бүгдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе!

Өнгөрөгч 2011 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг сайжруулах зорилгоор зохион байгуулагдсан “Үйлдвэрлэлийн осолгүй, өндөр бүтээмжтэй ажиллацгаая!” сэдэвт Мянган барилгачдын уулзалт зөвлөгөөнд Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэн (OSHMI Хүрээлэн) амжилттай оролцлоо.

Тус зөвлөгөөг Монголын Барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо, Зам тээвэр барилга хот байгуулалтын яам, Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуйн менежментийн хүрээлэн (OSHMI хүрээлэн) нар хамтран зохион байгуулсан бөгөөд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар, Барилга.мн вэб сайт, Монголын барилгачдын холбоо зэрэг байгууллагууд оролцсон юм.

Уулзалтаар барилгын салбарын компаниудын хөгжилд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийг нэвтрүүлэх шаардлага, ач холбогдол, мэргэжлийн төрийн бус байгууллагатай хамтран ажиллах боломж болон барлгын компаниудын ХАБЭА-н ажлын гүйцэтгэлийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, санал бодлоо солилцлоо.

Уулзалт зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн нэг нь манай хүрээлэн барилгын салбарын 4 компанитай хамтран тус компаниудад ХАБЭА-н удирдлагын тогтолцоо буюу OHSAS 18001 олон улсын стандарт нэвтрүүлэх ажлын эхлэл болгон Хамтран ажиллах гэрээг байгуулж, гарын үсэг зурсан юм.

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 85 жилийн ойн баярын мэндийг нийт барилгын компаниуд болон хамтран ажиллах гэрээ байгуулж, урт хугацааны хамтын ажиллагаагаа эхлүүлсэн “Хөтөл цемент шохой” ХХК, “Одкон” ХХК, “Нийслэл өргөө” ХХК, “Байгууламж-Од” ХХК-ийн удирдлага, хамт олон, барилгачид та бүхэндээ хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Мөн “Мянган барилгачдын уулзалт зөвлөгөөн”-ийг ерөнхийлөн зохион байгуулсан Монголын барилгачдын үйлдвэрчний эвлэлийн холбоо болон хамтран ажилласан бусад байгууллагууддаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Leave a Reply

Your email address will not be published.