Монголын зам барилгын компаниудад ХАБЭА (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй)-н олон улсын стандарт нэвтрүүлэх кампанит ажил эхэллээ

Санаачлан, хэрэгжүүлэгч байгууллагууд:

• Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн /ХААЭАМХ/;
• Монголын Авто Замын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо

Үндэслэл:
Монгол улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, ажлын байрны тоо хэмжээ хурдацтай нэмэгдэх болсон. Энэ нь нэг талаар үндэсний компаниуд маань ажлын арга барилаа сайжруулж үйлдвэрлэл, маркетинг, хүний нөөцийн бодлого зэрэгтээ анхаарах болсны үр дүн юм.
Харин манай компаниудын гол дутагдал нь ХАБЭА-н менежментийн бодлого, төлөвлөлтийн ажлаа анхаардаггүй. Гэтэл дэлхий нийтээрээ “SAFETY FIRST” буюу “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг №1” ажил гэж үздэг.
ХАБЭА-н менежментгүйгээс шалтгаалж компаниуд олон төрлийн бэрхшээлтэй тулгардаг. Тухайлбал:
1. Ажилтнууд нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас эрүүл мэндээрээ хохирч тахир дутуу болох, хөдөлмөрийн чадвараа болон амь насаа ч алдах тохиолдлууд их гардаг. Манай улсын хувьд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, хурц хордлогын гаралт буурахгүй харин ч өсөх хандлагатай байгаа нь албан ёсны тоо мэдээнээс харагддаг. 2010 онд нийт 366 үйлдвэрлэлийн осол гарч 398 хүн өртсөнөөс, 80 хүн нас барж, 44 хүн тахир дутуу болсон мэдээ байна.
2. Сүүлийн жилүүдэд үндэсний компаниуд (ялангуяа зам, барилга, уул уурхайн) маань дотоодын томоохон тэндэрүүдэд, цаашлаад дэлхийн зах зээлд өрсөлдөхөд захиалагчид нь тэднээс ХАБЭА-н менежментийн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байхыг шаарддаг болсон. Тэндэрт өрсөлдөж буй гадны компаниуд ХАБЭА-н асуудлаа аль хэдий нь цэгцэлсэн байдаг тул томоохон тэндэрүүдэд ялж, манай компаниуд ард нь хоцордог явдал түгээмэл байна.
Энэ мэт олон бэрхшээл компаниудын санхүүгийн чадавхи, нэр хүндэд сөргөөр нөлөөлж, үйл ажиллагааг нь доголдуулдаг.

Хэрэгжүүлэх ажил:
Дээрх бэрхшээлүүдийг даван туулахад нь дотоодын компаниуддаа мэргэжил, арга зүйн хувьд дэмжлэг үзүүлэх зорилгоор Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежементийн Хүрээлэн (ХААЭАМХ), Монголын Авто Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо (МАЗҮЭХ) хамтран зам барилгын салбарын тэргүүлэх 10 компанид ХАБЭА-н менежментийн системийг “Олон улсын OHSAS 18001:2007 стандарт”-ын дагуу нэвтрүүлэх ажлыг энэ оны 11 дүгээр сараас эхлүүлэх гэж байна.
Энэхүү ажлын үр дүнд Монголын зам барилгын салбарын компаниудын ХАБЭА-н ажлын зохион байгуулалт, гүйцэтгэл сайжирч, үйлдвэрлэлийн осол аваар, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, хурц хордлогын эрсдэл эрс буурах; нөгөөтэйгүүр тус компаниуд ижил үйл ажиллагаатай гадны салбар компаниудтай менежментийн хувьд өрсөлдөх бүрэн чадамжтай болох юм.
Монгол улсад ХАБЭА-н менежментийн систем нэвтрүүлсэн зам барилгын салбарын тэргүүлэх 10 компанийн нэг болох эрмэлзэлтэй байгууллагуудын саналыг 10 дугаар сарын 15-аас 11 дүгээр сарын 01-ний хооронд ХААЭАМХ дээр хүлээн авч, бүртгэнэ.
Үүнээс гадна 11 сараас эхлэн тус 2 байгууллага Монголын Авто Замчдын Холбоотой хамтран зам барилгын салбарт ХАБЭА-н мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалтыг зохион байгуулах болно.

Leave a Reply

Your email address will not be published.