Зөвлөх үйлчилгээний моделиуд

Өмнө дурдсанчлан, зөвлөх үйлчилгээндээ ашиглахаар сонгосон модель нь төслийн үр дүнд маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Голлон ашиглагддаг гурван модель бол эмч-өвчтөний, процессын, худалдан авалтын зөвлөх үйлчилгээ байна.

  1. Эмч-өвчтөний модель гэдгийг ашигласан тохиолдолд зөвлөхүүд тухайн харилцагчийнхаа үйл ажиллагаанд оношилгоо хийж, өвдөж шаналгаж буй хэсгийг нь эмчилж өгдөг(Kubr, 2002; Baaij, 2014; Kubr, 1996 as cited by Ajmal, Nordstoem and Helo, 2008; Szerniawska, 2007 as cited by O’Mahoney and Markham, 2013). Өөрөөр хэлбэл, харилцагч байгууллагын ажилтнуудтай хамтралгүйгээр зөвлөх нь дангаараа тодорхой үнэлгээ, туршилт, ажиглалтуудыг хийж, хаана юу ажиллахгүй байгааг илрүүлэн, алдааг хэрхэн арилгах аргыг зааж өгч хийлгэдэг гэсэн үг.

Үүний нэг түгээмэл хэлбэр бол аж ахуйн нэгж байгууллагуудад хийж өгдөг Зөрүүний шинжилгээ. Хэдийгээр зөрүүний шинжилгээг дагалдаж олон тооны нарийвчилсан шинжилгээнүүд хийгдэх ёстой ч одоогоор дан зөрүүний шинжилгээ л түгээмэл ашиглагддаг. Энэ үнэлгээний үр дүнд, OHSAS18001стандартыг хэрэгжүүлэхийн тулд стандартын ямар ямар шаардлагуудыг хангах хэрэгтэй байна вэ, аль нь хэсэг нь хангагдсан байна вэ гэдэг талаар харилцагчид мэдээлэл өгдөг.

Гэхдээ, илрүүлсэн үр дүн нь “Бидний эмчлэхийг оролдох өвчин биш”, зөвхөн юу юу хийгдээгүй байгааг харуулдгаараа сул талтай. Бид өвчнийг нь илрүүлэхийн тулд тухайн хийгдээгүй байгаа зүйлс “Юунаас болж хийгдээгүй байна?”, “Компанийн аль түвшинд, эсвэл аль хэлтэс нэгжид зан хандлагын, мэдлэг туршлагын, соёлын, манлайллын гэхчлэн өөрчлөлтүүд хийгдэх хэрэгтэй байгааг” тодорхойлох хэрэгтэй юм.

  1. Процессынмодель ашиглагдсан тохиолдолд дээрхээс ялгаатай нь зөвлөх тухайн байгууллагын өвчнийг оношилж, эмчилж өгдөггүй. Харин тухайн харилцагч өөрөө өөрийнхөө өвчтэй цэг ба өвчний шалтгааныг илрүүлэн судалж, эмчилдэг болоход шаардлагатай “Процессууд” буюу хийгдэж хэвшсэн үйл явцуудыг бий болгоход анхаарна. Өөрөөр хэлбэл, ийм зөвлөх үйлчилгээ авахаар гэрээлсэн захиалагч байгууллага зөвлөхөөр ямар нэг үнэлгээ хийлгэх, эсвэл бичиг баримт боловсруулуулах зэргийг хүсээгүй байх бөгөөд харин манайд тогтмол хэрэгждэг журмууд, үнэлгээнүүд, бүртгэлүүд, хяналтын механизмуудыг бий болгож өгөөч гэж хүссэн гэсэн үг.

Энэ төрлийн зөвлөх үйлчилгээ нь Монголд нийтлэг хэрэглэгддэг бөгөөд гэрээлсэн аж ахуйн нэгж байгууллагадаа зөвлөхүүд нь хэрхэн аюулыг илрүүлж байх, хэрхэн эрсдлийг үнэлж байх, хэрхэн ажлын байранд аюулгүй ажиллагааны үзлэг хяналтуудаа хийж байх, хэрхэн ажилтнуудаа энэ талаар сургаж байх, гэх мэт арга замуудыг нь сонгуулан, тодорхой журам, заавар, бүртгэлийн маягтууд гаргуулдаг. Эдгээрийг харилцагч өөрөө ашиглаад, өөрөө өөртөө аудит, мониторингуудыг хийж, илэрсэн үл тохирол буюу зөрчил дутагдлуудаа арилгаж явна. Ямар процессыг бий болгох, яавал тухайн компанид хэрэгждэг журам гарах зэргийг зөвлөх бус компани өөрөө шийдсэнээр компанийнхаа хөрсөнд буусан, ажилтнууд нь цаашид хэрэгжүүлж явж болохуйц процессуудыг бий болгох хэрэгтэй.

Ихэнхи Монгол компанийн хувьд, олон жил дараалан шат дараатай зөвлөх үйлчилгээ авахаас илүүтэйгээр нэг удаа зөвлөхтэй гэрээлсэн дээрээ бүхий л зүйлсийг хийлгэж авах юмсан гэсэн хандлагаар ханддаг. Ингэснээр, гэрээлсэн ажлынхаа хугацаанд баригдаж, тухайн нэг журмыг боловсруулсныхаа дараа газар дээр нь нухацтай туршиж, ямар хэлбэрээр хэрэгжүүлбэл манай ажилтнууд тогтмол энэ дагуу ажилладаг болох нь вэ гэдгийг хэмжих боломжгүй байдлаар яаруу сандруу ажиллаж, хэрэгждэггүй баахан бичиг цаастай үлдэх гээд байдаг. Тэгвэл, юуны түрүүн хэрэгждэг системтэй болъё гэж бодвол гэрээт ажлыг нэг сард, зургаан сард, эсвэл нэг жилд амжиж дуусгах гэж самгардалгүйгээр, бүтээгдэхүүнээр нь төслийн амжилтаа харж сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, “Манай Эрсдлийн удирдлагын журам бүрэн ажилладаг болвол энэ зөвлөх үйлчилгээ амжилттай боллоо гэж үзье” хэмээн зөвлөхтэйгөө тохироод, зөвлөхөөс нэг сарын зөвлөгөө аваад, авсан зөвлөгөөгөө өөрсдөө нэг сар хэрэгжүүлэх, үүний дараа дахин хэмжилтүүд хийж, ажиллаагүй зүйлс үлдсэн бол алдааг засаад дахин турших гэх зэргээр системтэй, ул суурьтай хамтран ажиллах хэрэгтэй юм. Бүрэн тогтолцоо нэвтрүүлэхийн тулд компани дор хаяж 2-3 жилийг ийнхүү тогтвортой, уйгагүй ажиллаж өнгөрөөх хэрэгтэй байдгийг эрдэмтэд дурддаг (Baaij, 2014; Williams and Ratthray, 2004, p. 184 as cited by by Ajmal, Nordstoem and Helo, 2008).

  1. Худалдан авалтын модель. Зарим байгууллагын хэрэгцээнээс шалтгаалан, зөвлөхүүдийн эксперт мэдлэг туршлагыг гэрээлэн худалдаж авах шаардлага үүсч болно. Энэ үед зөвлөхийн тусгай мэдлэг чадварыг худалдан авах байдлаар гэрээлж, зөвлөхөөр тодорхой үнэлгээний ажлууд, эсвэл сургалтууд хийлгэх, тодорхой ажлуудыг хэрхэн сайжруулах тал дээр зөвлөгөө аваад зарим нэг загварыг хийлгэж авах зэрэг ажлуудыг хийлгэнэ. Өөрөөр хэлбэл, зөвлөх нь зөвхөн ингэ тэг гэж зөвлөөд орхилгүйгээр, өөрөө оролцож тодорхой процессыг хамтран бий болгож, ажиллуулж туршаад, хамтран үнэлгээ хийж, сайжруулах төлөвлөгөөг нь гаргаж өгөх зэргээр ажиллаж болно.

Энэ үед дээр дурдагдаад байсан, зөвлөхөөр ажлаа хийлгэж авах гэсэн хүсэлтэй байгууллагууд зөв гэрээ хийсэн болно. Гэхдээ өөрийн тань компанийн дотоод үйл ажиллагааны онцлог, соёл уур амьсгал, ажилтнуудыг тань сайн танихгүй зөвлөх гаднаас ирээд нарийн ширийн зүйлст сайтар тохируулсан ажил хийж өгөх нь эргэлзээтэй тул аль болох ажилтнуудтайгаа хамтруулах буюу ажилтнуудаа дагалдуулж сургахад анхаарах нь зүй (Kubr, 2002; Baaij, 2014; Schein, 1969; Pawlikowska, et.al., 2006; Mokgwane, 2013).

Аль моделийг нь сонгон гэрээлэх вэ гэдгийг шийдэхийн тулд, зөвлөх байгууллага ба зөвлөгөө авч буй байгууллага 2 хийх ажлуудаа хэрхэн хуваарилж авах, хэн нь юунд хариуцлага хүлээхээ урьдчилан үнэлж, тохиролцох хэрэгтэй юм. Дор үзүүлсэн хүснэгтэнд зөвлөх үйлчилгээний моделиуд ба эрх үүрэг хариуцлагын матрицыг харуулав.

ХИЙГДЭХ АЖЛУУД АСУУДЛЫГ ОЛЖ ТОГТООХ АСУУДЛЫГ ОНОШЛОХ ШИЙДЛИЙГ БОЛОВСРУУЛАХ ШИЙДВЭР ГАРГАХ ХЭРЭГЖҮҮЛЭХ
ЭМЧ-ӨВЧТӨНИЙ ЗАГВАР Зөвлөх Зөвлөх Зөвлөх Харилцагч компани Харилцагч компани ба зөвлөх (Хүсвэл зөвлөх тусална)
ХУДАЛДАН АВАЛТЫН ЗАГВАР Харилцагч компани Зөвлөх Зөвлөх Харилцагч компани Харилцагч компани ба зөвлөх (Хүсвэл зөвлөх тусална)
ПРОЦЕССЫН ЗӨВЛӨГӨӨНИЙ ЗАГВАР Харилцагч компани  ба зөвлөх(Зөвлөх тусална) Харилцагч компани  ба зөвлөх(Зөвлөх тусална) Харилцагч компани ба зөвлөх (Зөвлөх тусална) Харилцагч компани Харилцагч компани ба зөвлөх (Зөвлөх тусална)

За, та бүхэн маань дээр үзүүлсний дагуу хэн нь юугаа хариуцаж хийх вэ гэдгийг хамгийн энгийн байдлаар шинжилж нэг үзээд, ямар төрлийн зөвлөх үйлчилгээ авах вэ гэдгээ шийдээрэй. Нөгөө талаас зөвлөх үйлчилгээний байгууллагууд ч харилцагчийнхаа хэрэгцээг сайтар үнэлсний үндсэн дээр хүсэлд нь тохирсон зөвлөх үйлчилгээ үзүүлэхээр гэрээгээ байгуулж хамтран ажиллаарай.

 

Амжилт хүсье!