ЧИМЭЭГҮЙ ҮХЭЛД ХҮРГЭХ АСБЕСТ-ын АЮУЛ
АСБЕСТ ГЭЖ ЮУ ВЭ?
Асбест нь байгаль дээр тархсан гидросиликат магни, төмөр, кальци, натригаас тогтсон маш нарийхан утсархаг бүтэцтэй, бутрамтгай чулуулаг эрдсүүд юм. Асбестийн бүлгийн эрдэс нь бат бэх, дулаан цахилгааныг бага дамжуулдаг, гадаад орчин, халуун, хүйтэн, галд болон химийн бодисын үйлчлэлд тэсвэртэй, удаан эдэлгээтэй зэрэг онцлог шинж чанаруудтай. Байгаль дээрхи асбестийн ордноос олборлосон эрдсийг үйлдвэрт бутлаж, түүнийг утаслаг ширхэгээр нь задлаж төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хэрэглэдэг.
Асбестийн төрөл : Асбестийн бүлгийн эрдсүүдийг химийн бүтэц найрлагаас нь хамаарч кризотил, амозит, крикодолит, тремолит, актинолит, антофиллит гэсэн 6 төрөлд хуваадаг. Мөн харагадах байдлаас нь хамааран цагаан (кризотил), хөх (крикодолит), бор (амозит)асбест гэж ангилдаг. Бүх төрлийн асбест нь хүний биед онцгой хортой, хорт хавдар үүсгэгч бодис юм.
Зураг 1 Кризотил асбестийн ширхэглэг /цагаан цайвар, ногоон өнгөтэй, уян хатан, бат бөх, сунамтгай шинж чанартай.Дулаан тусгаарлагч материал болон тоормосны жийргэвч, асбестан даавуу, асбестан хавтан үйлдвэрлэхэд ашиглана. Асбестийн хэрэглээний 90 хувийг эзэлдэг./
Зураг 2. Крикодолит асбест нь төмрийн агууламж өндөртэй учир хөх өнгөтэй харагддаг. Барилгын хана, тааз шүршиж гал түймэрт тэсвэртэй болгоход ашиглана. Мөн хүчил, химийн бодист тэсвэртэй болгох зорилгоор хэрэглэдэг.
Зураг 3. Амозит асбест нь кризотал асбестаас илүү уян хатан бат бөх шинж чанартай, хүрэн саарал өнгөтэй. Дулаан тусгаарлагч материал үйлдвэрлэхэд ашиглана.
Асбест агуулсан бүтээгдэхүүн
Асбест агуулсан бүтээгдэхүүнийг барилгын материал, эрчим хүч, авто машины сэлбэг, дулаан тусгаарлагчийн үйлдвэрлэлд дараах байдлаар ашиглаж байна.
· Дулааны цахилгаан станц, уурын зуух, халаах төхөөрөмж зэрэгт дулаан тусгаарлагч
· Барилгын үндсэн болон туслах материал (асбестан цемент, тааз, хана, дээврийн хавтан, шалны хулдаас, хуулга)
· Төмөр хайлуулах зууханд тусгаарлагч
· Асбестан цементээр хийсэн сантехникийн хоолой, хавтан, хашлага
· Ваар сав, суулга
· Цахилгаан шатны тоормосны бэхэлгээ
· Үрэлтийн жийргэвч, тусгаарлагч
· Төрөл бүрийн шүүлтүүр
· Гал унтраагчдад зориулсан галд тэсвэртэй хувцас
Авто машины тоормосны болон хөдөлгөөн дамжуулах дискны жийргэвч үйлдвэрлэхэд өргөнөөр ашиглаж байгаа нь асбестын тоосонцорт өртөж, өвчлөх эрсдлийг нэмэгдүүлж байна.
Асбестийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөө
Асбестийн тоос асбесттай ажлын байр, орон сууц, гадаад орчинд тархан улмаар хүний эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Асбестийн тоос амьсгалын замаар биед нэвтрэн орж, уушгинд удаан хугацаагаар тунаж үлдэн үрэвсүүлэх, цээжний гялтан хальсны зузаарал, уушиг тоосжих өвчин, уушигны хортой хавдар, зэрэг өвчнийг үүсгэх шалтгаан болдог. Хэвлий болон цээжний гялтан хальсны хортой хавдраар өвчлөгсдийн 80-85 хувь нь асбестийн тоосны нөлөөнд ямар нэг хэмжээгээр өртсөн байдаг. Олон улсын хавдрын эрдэм шинжилгээний агентлагаас асбестийг хавдар үүсгэдэг бодисын ангилалд оруулсан. Мөн зарим судалгаагаар асбест нь ходоод, бүдүүн, шулуун гэдэсний хавдар үүсгэх төдийгүй бөөр, улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолой, давсагны хавдраар өвчлөх эрсдлийг нэмэгдүүлдэг гэж үзсэн.
Зураг 4. Асбестийн тоосны шалтгаант уушигны хавдар
Цээж хэвлийн гялтан хальсны хортой хавдар:
· Нууц үе урттай, асбестийн тоосонд өртсөнөөс хойш 30-50 жилийн дараа уг хавдар тохиолддог.
· Цээжний гялтангийн хортой хавдрын үед цээжний гялтан хальсанд шингэн хуримтлагдсанаас үүдэж амьсгаадах, цээжээр өвдөх шинж тэмдэг илэрнэ.
· Хэвлийн гялтангийн хортой хавдрын үед турах, хэвлийгээр өвдөх, хэвлийн хөндийд шингэн хуримтлагдах, өтгөн хатах, цус өтгөрөх, цус багадах, халуурч чичрүүлэх шинж тэмдэг илэрнэ.
Уушигны хавдар:
· Нууц үе урттай, асбестийн тоосонд өртсөнөөс хойш 25-30 жилийн дараа уушигны хавдар тохиолдоно.
· Асбесттай харьцаж ажилладаг хүн тамхи татдаг бол өвчлөл үүсэх эрсдэлийг 20 хувь нэмэгдүүлдэг.
Асбестийн гаралтай уушиг тоосжих өвчин:
· Асбестийн тоосонд өртсөнөөс хойш 10-20 жилийн дараа өвчний анхны шинж тэмдэг илэрдэг.
· Амьсгаадах, амьсгалын үйл ажиллагаа өөрчлөгдөх, хуурай ханиах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Асбестийн нөлөөнд хэн илүү өртөмхий байх вэ?
· Асбестийн нөлөөнд хүн бүр өртөх боломжтой
· Асбесттай материалыг өрөмдөх, хөрөөдөх
· Асбестан цементийг зуурах, шавардах
· Асбестан цементээр зуурсан шавар хоолойг эвдэх, шаваасыг ховхлох үед эрсдэл өндөр байдаг.
Мөн асбестийн тоос тухайн ажилтны ажлын гутал, хувцас, гар, үсэнд наалдан гэр бүлийнхэнд нь сөргөөр нөлөөлж өвчлүүлдэг.
Эрүүл мэндийн үзлэгт хэн хамрагдах вэ?
Асбестийн тоосонд ажил дээрээ болон гэртээ өртсөн хүмүүс энэ талаар эмчид хэлж, үзүүлэх, зөвлөгөө авах хэрэгтэй. Эмч рентген зураг авхуулах, уушигны үйл ажиллагааны сорил хийлгэхийг таньд зөвлөнө. Шаардлагатай тохиолдолд шээс, өтгөн, уушиг угаасан шингэнд асбестийн ширхэглэгийг шинжилдэг.Асбестаас болж үүсдэг өвчний шинж тэмдэг олон жилийн дараа илэрдэг. Гэхдээ дараах шинж тэмдгүүд илэрвэл та эмчид заавал үзүүлээрэй.
· Амьсгаадах
· Ханиалгах
· Цустай цэр гарах
· Цээж, хэвлийгээр өвдөх
· Амьсгаа давчдах
· Хоолой сөөх
· Турах
Асбесттай холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмж
1. Ажил олгогч та ажилтнаа хэрхэн хамгаалах вэ?
· Асбестийн хэрэглээг бууруулах, бүр мөсөн хориглох, зогсоох, асбест агуулаагүй орлуулах бүтээгдэхүүнийг хэрэглэхэд чиглэсэн шат дараалалтай үйл ажиллагааг явуулах
· Асбесттай ажлыг аль болох хүмүүсээс хол, тусгайлан барьсан эсвэл түр зуурын битүүмжлэгдсэн өрөөнд явуулах
· Асбестийн тоосыг багасгахын тулд чийглэх, агааржуулалтыг сайжруулах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэх
· Асбесттай материалыг зайлуулахдаа чийглэх, хагарч бутрахаас сэргийлэх, тоосыг үйлдвэрийн зориулалттай тоос сорогчоор соруулах
· Асбесттай материалтай харьцахдаа цахилгаан багаж хэрэглэх нь тоосыг ихээр үүсгэдэг тул аль болох гар багаж хэрэглэх
· Ажилчдыг тоосноос хамгаалах иж бүрэн зориулалтын хувийн хамгаалах хэрэгслээр хангах, тогтмол зөв хэрэглүүлэх
· Ажлын дараа шүршүүрт орж, ажлын хувцасаа иж бүрэн солих орчинг бүрдүүлэх, ажилчдад зөв дадал олгох
· Ажилчдыг эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт тогтмол хамруулах
· Ажлын байранд эрүүл мэндийг дэмжих ялангуяа тамхи таталтыг багасгах хөтөлбөр хэрэгжүүлэх
2. Ажилтан та өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
· Асбесттай ажиллах аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дүрмийг чанд мөрдөх
· Хувийн хамгаалах хэрэгслийг зөв хэрэглэх
· Ажил дууссаны дараа хувийн хамгаалах хувцас, хэрэгслээ болгоомжтой тайлж, тоос тархахаас сэргийлж, тусгай уутанд хийж, “АСБЕСТТАЙ”гэж бичээд тусгай хог хаягдалд хаях
· Тамхинаас гарах, татгалзах
· Хувийн ариун цэврийг сайн сахиж, ажлын гутал, хувцасаа ажил дээрээ бүрэн солих, ажил дээрээ шүршүүрт орж байх, гараа тогтмол угаах, ажлын үед бохь зажлахгүй байх
· Хувцас хэрэгслийг тусад нь угаалгын машинд угаах
· Асбесттай харьцан ажилладаг талаар эмч, эрүүл ахуйч нарт мэдээллэж байх
· Эрүүл мэндийн үзлэгт тогтоосон хугацаанд хамрагдаж байх
Зураг 5.Асбесттай ажиллах үеийн хувийн хамгаалах хэрэгсэл
Эх сурвалж: http://www.ncph.gov.mn
Видео: Асбестын аюулыг харуулсан бичлэг. Удаан хугацааны турш уушгийг үрэвсүүлэн үхэлд хүргэх аюултай.
https://www.youtube.com/watch?v=JMW5C0SnixU